2024-03-02 | 17:14
O |
$ АНУ доллар 3,378.33 Евро 3,652.99
Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо: 2023/02/23

Японд ажиллаж буй экспертүүд: Монгол залуусын ур чадвар дэлхийн хаана ч гологдохгүй юм байна


70 жилийн түүхтэй Японы харилцаа холбооны томоохон корпорац болох KDDI-д ажиллаж буй Б.Эрдэнэ-Очир, И.Батбаяр нартай ярилцлаа. Монгол залуус Япон Улсад суралцаж, мэдлэг туршлага хуримтлуулах нь олонтаа ч тэдний хувьд Арлын Япон оронд эксперт хийж, Монголдоо олж авсан мэдлэг ур чадвараа япончуудтай хуваалцаж буйгаараа онцлог юм. 

 

-Та бүхэн Японд хэрхэн ажиллахаар болсон бэ?
Б.Эрдэнэ-Очир: Бид Мобиком Корпорацид ажиллаж байгаад Японд ирсэн. Манай компани ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн түвшний харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг Монголд нэвтрүүлэх зорилгоор маркетинг, техникийн төлөвлөлт, байгууллагын бизнес, мэдээллийн аюулгүй байдал, оффис менежмент гэсэн чиглэлүүдээр Японы KDDI корпорацад ажилтнуудаа богино болон дунд хугацаанд мэргэшүүлэх дадлага хийлгэж, ажиллуулдаг. 

Японд дараа төлбөрт зах зээл илүү хөгжсөн юм билээ. Үүрэн холбооны бүх операторууд нь дараа төлбөрт бүтээгдэхүүн үйлчилгээн дээрээ илүү төвлөрдөг тул үүнийгээ дагаад бараг бүх хэрэглэгч нь дараа төлбөрт үйлчилгээгээ ашигладаг. Гэтэл Gen Z буюу цахим эрин зуунд төрж өссөн шинэ үеийн залуусыг “байлдан дагуулах”, харилцаа холбооны зах зээл дээрх байр сууриа тэлэх шаардлага үүссэн. Тиймээс KDDI корпорац 2020-2021 оноос эхлэн цахим бөгөөд урьдчилсан төлбөрт үйлчилгээг Японы зах зээлд нэвтрүүлэх Povo төслийг эхлүүлсэн юм. 

Энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу KDDI корпорац өмнө нь өөрсдийн зах зээлд ийм төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж байсан туршлагатай групп компаниуд дундаасаа мэргэжилтнүүдийг нь Японд урьж ажиллуулах шийдвэр гаргасан. Бидний хувьд ажлын туршлага, хэлний шалгуурт тэнцээд Японд ажиллах санал авсан.