2024-03-02 | 17:14
O |
$ АНУ доллар 3,378.33 Евро 3,652.99
Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо: 2023/02/23

Зүрхээ сонс: “Ажлаас хэзээ ч дуудаж магадгүй бэлэн байдалд байдаг тул хүүхэд харах хүн олоход бэрх”


“Ногоон бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс долоо хоног бүр сэтгэл зүйн боловсрол олгох “Зүрхээ сонс” подкастыг хүргэдэг билээ. Энэ дугаарт тус төвийн сэтгэлзүйч А.Хонгорзул, П.Энхчимэг нар COVID-19 ба хөл хорионы үеэр гэрээсээ ажиллаж буй ээжүүдийн сэтгэл зүй, ажил амьдрал болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаарч болох тухай ярилцсаныг хүргэж байна. Тэд “Энэхүү дугаарыг COVID-19-ийн үед ажил эрхэлж буй ээж нар болон цар тахлын үед гэрээсээ амьдралаа залгуулж буй бүх хүнд зориулж байна. Бид ч гэрээсээ ажиллахад тулгарч буй сорилтыг мөн даван туулж буй” гэжээ.

Жишээ 1. Зайлшгүй үйлчилгээнд ажиллаж буй төрийн албан хаагч, өрх толгойлсон ээж
Тэрээр хоёр нялх хүүхэдтэй бөгөөд зайлшгүй үйлчилгээ буюу байнга бэлэн байдалд аж төрдөг. Хөл хорионы үед хүүхдийг нь харах хүн олох нь маш том бэрхшээл байжээ. Хамаатан садан, ойр тойрны хүн гуйна гэхээр урьдчилж тааварлах боломжгүй буюу хэзээ ч дуудагдаж, хэдэн хоногоор ч явах тохиолдол гардаг. Хоёр хүүхдээ гэртээ цоожлоод үлдээх тохиолдолд ч гарчээ. Гэтэл хүүхдээ хараа хяналтгүй үлдээсэн эцэг, эхийг бид маш их буруутгадаг. 

Бэлэн байдалд дуудагдан ажилладаг ажилтнуудынхаа ар гэрийг судлах, түүнд нь тохирсон дэмжлэг үзүүлсэн оновчтой бодлого хэрэгтэй. Нөхцөл байдалд нь тохирсон биш, хүчилсэн зохион байгуулалттай байх нь тэдний сэтгэцийн байдал болон биеийн эрүүл мэндийг доройтуулдаг. Яаж ийгээд үүнийг давлаа гэхэд энэ үед үүссэн бухимдал, “зовуурь” нь цаашдын амьдралын чанар болоод эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө. 

Яагаад ээжүүдийг онцлох болсон бэ, хөл хорио эмэгтэйчүүдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байна вэ?

Жишээ 2. Нэгдүгээр ангийн хүүхэдтэй удахгүй төрөх, гэрээсээ ажиллаж буй ээж.
Тэрээр “хүүхдээ асрах, ажлаа хийх ар гэрээ зохицуулах үйл явц зэрэгцэхэд ажлаа сайн хийсэн ч юмгүй эсвэл үр хүүхдэдээ чанартай цаг зарцуулж буй эсэх нь ч мэдэгдэхгүй байгаад стресстэж байна” гэжээ. 

  • Олон улсын судалгаагаар болон манай улсад 1-5 сард үргэлжилсэн хөл хорио өрх толгойлсон эмэгтэйчүүд болон монгол эхчүүдэд хэрхэн нөлөөлснийг судлахад  адилхан үр дүн гарчээ. Тодруулбал, эмэгтэйчүүд ажил амьдралын зааггүй болж, туйлдаж байна гэжээ. Учир нь нийгмийн зүгээс эмэгтэйчүүдийг асран хамгаалагч, асрагч гэсэн үүрэг дээр тавьчихдаг. Хажуугаар нь ажлаа хийж, орлого олох гэсэн нийгмийн нийтлэг хүлээлт, шаардлага бий. Эмэгтэй л юм чинь аргалаад хүүхдээ харах ёстой гэдэг. Харин хөл хорионы үед гэрээсээ ажиллаж буй эрчүүдийн ачаалал тэгтэл нэмэгдээгүй төдийгүй ажилдаа төвлөрөх болон чанарт нь бага нөлөөлсөн гэжээ.

Мөн НҮБ-ын судалгаагаар Жендэрийн эрх тэгш байдлын олон жилийн хугацаанд гаргасан ахиц дэвшлийг хөл хорио эргээд бууруулж болзошгүй гэж дүгнэжээ.

Түүнчлэн ажил болон сэтгэл санааны ачаалал нэмэгдэж, амьдралаас авч буй сэтгэл ханамжид нөлөөлж буй учраас эмэгтэйчүүдэд илүү хүндээр тусаж байна. Энэ бүх үр дагавар орлогын асуудал, цалингаа тавьж чадахгүй байх вий ,орлогоо алдах вий, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй болох вий, энэ бүх тодорхойгүй байдал мөн ачаалал болж буй.

  • Мөн нийгэмших хэрэгцээ дутагдаж байна. 
  • Найз нөхөд, ээж аавдаа дуртай цагтаа очиж чадахгүй байна.
  • Дэлгэцийн хэрэглээ эрс ихсэж байна.
  • Маш их мэдээлэл авч буй ч ганцаардсан мэдрэмж төрсөн
  • Биеийн хөдөлгөөн багассан.
  • Нойрны эрүүл ахуй алдагдсан зэрэг сөрөг үр дагаврууд их. Энэ нь ирээдүйд сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх вий гэсэн айдас дэлхий нийтийг нөмрөөд байна.

Цар тахал амьдралын хэмнэлийг өөрчлөөд зогсохгүй эрүүл мэнд, ажил, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Дэлхий нийтээрээ иймэрхүү байгаа ч үйлчилгээний ажил эрхэлдэг ажилчдын дийлэнх нь эмэгтэйчүүд. Тэдэнд ядарч, цөхрөх байдал ажиглагджээ. Бага насны болон бага ангийн сурагч хүүхэдтэй ээжүүдэд мөн бэрхшээл их.  Хүүхдээ асрах, бага ангийн хүүхэд бие даах дадалд суралцаагүй байгаа учир цахим сургалтын үед хүүхдийн хичээлийг хийлгэх нь яалтчгүй эцэг эхчүүд, ялангуяа ээжүүдийн ачааллыг нэмж байна. Гэр бүлийн бүтцээс шалтгаалж эмэгтэйчүүдэд ирж буй ачаалал, сэтгэлийн дарамт ялгаатай байна. Жишээлбэл, нийтлэг төсөөлдөг буюу аав-ээж-хүүхэд гэсэн бүтэцтэй гэр бүлд өөр, өрх толгойлсон ээжүүдэд нэг өөр, гэр бүлийн хүн нь хол ажилладаг эмэгтэйд ирж буй ачаалал өөр байна.

Жишээ 3. Бага ангийн сурагч хоёр хүүхэдтэй багш ээж
ЕБС-ийн багш тэрээр шөнийн 2,3 цаг хүртэл цахим хичээлээ бэлтгэдэг бөгөөд өдөр нь хүүхдээ харж, хичээлийг нь хийлгэнэ. Энэ байдал хэдэн сараар үргэлжлэхэд маш их ядарч, нойргүйдэх болжээ. 

Эрчүүд гэрээсээ ажиллахад ачаалал тэгтэл нэмэгдээгүй, ажлын чанарт бага нөлөөлсөн

Цар тахлын нөхцөлд яаж зохицож амьдрах вэ?,

  • Амьдралын нөхцөл, эдийн засаг, гэр бүлийн бүтцээс хамаарч өөрт тохирсон төлөвлөгөө гаргах
  • Хэнээс хэзээ, хэдий хугацаанд тусламж, дэмжлэг авч болохыг судлах
  • Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарахыг чухалчлах. Өөрийгөө тайвшруулах, анзаарах 10 минутыг гаргахыг хичээх. Гадагшаа гарах нь эрсдэлтэй энэ үед энгийн дасгал хөдөлгөөн хийх
  • Уйдаж, ганцаардаж байна гэсэн мэдрэмж төрсөн тохиолдолд үүнээс зугтахгүйгээр хүлээн зөвшөөрч чадвал алсдаа сэтгэцийн эрүүл мэндэд тустай.
  • Бусдаас тусламж гуйхаас бүү санаа зовоорой. Найз нөхөд, аав ээж, дотнын хүнтэйгээ холбогддог тогтмол цаг төлөвлөх
  • Хүүхдээ аль болох бие даах үйлд суралцахад дэмжих, 30 минут тоглоомтой нь үлдээж, хажуугаас нь харгалзах
  • Нийгмийн шахалтаар бусадтай өөрийгөө бүү харьцуул. Супер ээж, бүхнийг амжуулах гэж бүү өөрийгөө хүчил. Төгс төгөлдөр байх гэж бүү зүтгэ. Нэг дор 2.3 цаг суухгүйгээр дундуур нь 5-10 минут завсарлага авах. 
  • Цэвэр ус уух /хийжүүлсэн болон чихэрлэг ундаа биш/
  • Өөртөө цаг гарга. Наанадаж ариун цэврийн өрөө орохдоо ч дотоод мэдрэмждээ анхаарал хандуулах. Өөрийгөө сөргөөр бодох зэрэг тааламжгүй мэдрэмжээ хяна.
  • Та ямар нэгэн юмнаас хоцроогүй, чухал зүйлээс орхигдоогүй., тайван байж болно гэдгийг санах

Энэ хүнд цаг мөчийг хэрхэн арай хөнгөнөөр давж болох тухай боломжуудыг эрэлхийлээрэй. Цар тахал байнга, өдөр бүр тохиолдохгүй учир өөрийгөө анзаарч, дэмжлэг авч болох боломж байвал ашиглах, цаашид гарч болох эрсдэлээс сэргийлэх боломж бийг бодолцох нь чухал. Шаардлагатай бол мэргэжлийн сэтгэлзүйчид хандаарай.