2024-03-02 | 17:18
O |
$ АНУ доллар 3,378.33 Евро 3,652.99
Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо: 2023/01/23

“Бидэнд алдаагаа засаад урагшлах боломж байгаа”


-АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаас АН-ын даргыг сонгох журмыг баталлаа. АН-ын дүрмээр даргыг ямар шалгуураар сонгох юм бол?

-АН-ын эв нэгдлийн асуудал зөвхөн намын асуудал биш болчихлоо. Жирийн гишүүд, ард түмэн АН-ыг эвлэхийг хүсч хүлээж байна. Энэ утгаараа АН-ын ҮБХ-ны хуралдаан гишүүдийн гуравны нэг нь шаардсанаар хуралдлаа. Хуралдаанаар АН-ын даргыг сонгох журмыг баталж ирэх нэгдүгээр сарын 19-ны өдөр дахиж хуралдахаар боллоо. Энэ өдөр намын их хурал хуралдах зарыг ҮБХ-оос гаргалаа. Тиймээс ҮБХ-ны нэр  дэвшигчид өөрсдийн баталсан журмын дагуу нэрээ дэвшүүлж, хурлаас хэн хамгийн олон санал авсан нь даргаар сонгогдоно. Дараа нь намын их хурлаар ёсчлон батламжлагдсанаар нам даргатай болох процессийг өнөөдөр эхлүүллээ.

-Та хувьдаа АН-ын даргаар хэн байгаасай гэж харж байна вэ. Ялангуяа энэ үед эрх баригчид АН-ы хүчгүй байлгах оролдлого хийж буйг та бүхэн хэлдэг шүү дээ. Тиймээс АН-ыг эвлэлдэн нэгтгэх лидер танай намд бий юу?

-Би хүний нэр хэлэхгүй. Манай намын нэг алдаа нь даргаа сонгох дээрээ сунгаа, сонгууль гэж хуваагдаад, дотооддоо хүчээ барчихаад байдаг. Тэр алдаа дутагдлаа бид ойлгож байгаа. Тиймээс хүний нэр юм уу, хүн дээр төвлөрч ярихаар ахиад  л хуваагдал руу ордог. Миний хувьд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд, шударгаар өрсөлдөөд энд байгаа хүмүүсийн олонхын саналыг авсан хүн дарга болох ёстой гэж бодож байна.

-Даргаа сонголоо гэхэд дээд шүүхэд бүртгүүлэх процесс үргэлжилнэ. Үүнийг мэдээж С.Эрдэнэ, Х.Баттулга нар хүлээн зөвшөөрөхгүй. Талуудтай уулзаж, эв нэгдлээ ярьж үзсэн үү?

-АН-ын нэрээр УИХ-д сонгогдоод мандат авсан УИХ-ын гишүүд нь хувийн амбицаа татаад олуулаа, шийдвэрээ гаргаж, эв нэгдэл рүү алхъя, биднээс өөр хэн манлайлах вэ гэдэг дээр бүлэг шийдвэрээ гаргаад ажлуудыг санаачлаад зохион байгуулаад явж байна. С.Эрдэнэ АН-ын дарга байсан хүн, түүнийг дагадаг дэмждэг зөндөө хүмүүс бий. Х.Баттулга, Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж, АН-ын даргаар гишүүдээс сонгогдсон хүн. Тиймээс энэ хүмүүс орж ирээд, энд байгаа хүмүүс нийлж байж л бид амжилт гаргана. Эвт шаазгай буга барьдаг болохоос биш задарч, тарж яваад амжилт олсон түүх байхгүй.

-Та гишүүддээ зориулсан илтгэлдээ УИХ-ын ээлжит сонгууль энэ онд болж магадгүй талаар дурдсан. Гэтэл энэ хугацаанд АН-ын нэгдэж, нийлж чадах уу?

-Тэр мэдээллийг гишүүддээ жишээ татаж хэлсэн. Ер нь олон түмэн тийм үг ярьж байгаа. Дайнаа ирэхээр дариа нухах биш сонгууль гэх том үйл ажиллагаанд хугацаа чинь тулчихлаа шүү гэж гишүүддээ яаруулж, сануулж хэлж байгаа үг.

-Энэ цаг үед эрх баригч нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж эхэллээ. Зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар боллоо. Таны хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү. Хэрвээ өөрчлөх болбол ямар байдлаар өөрчлөх ёстой юм бол?

-Үндсэн хууль гэх эцэг хуульдаа бид ойр, ойрхон гар дүрдэг болчихлоо. 2019 онд өөрчлөлт хийгээд гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Эцэг хуульдаа олон удаа өөрчлөлт хийх нь буруу гэж боддог. 2019  онд өөрчлөлт хийгээд түүний үр дүн зөв буруу нь амьдрал дээр бүрэн шалгагдаж амжаагүй байтал бид давхар дээлийн асуудлаар дахиад гар хүрсэн. Одоо дахиад зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах зөвлөлдөх зөвлөлийг УИХ-аас гаргасан. Долоо хэмжиж нэг огтлох ёстой болохоос биш бушуу туулайны үлгэр шиг яаравчлан асуудалд хандах нь буруу. 2019 оны зөвлөлдөх санал асуулга юу боллоо. Бид бүгд мэдэж байгаа. МАН өөрсдийн гишүүд, төрийн албан хаагчдыг цуглуулаад санал асуулга явуулсан болоод өнгөрсөн. Тэгээд өөрсдийнхөө бодсон саналаа давуу санал авсан мэтээр ойлгуулаад явсан. Хэрвээ зөвлөлдөх санал асуулгыг асуувал нэлээд ул суурьтай бүх төлөөллийг хангасан байдлаар явуулах ёстой. Хамгийн сайн нь ард нийтийн санал асуулга руу оръё. Энэ том асуудлыг шийдэх гэж байгаа бол ард иргэдийн саналыг сонсох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

-Хурлын явцад АН-ын жирийн гишүүд нүүрсний хулгайн асуудалд УИХ дахь АН-ын бүлгийн дуу хоолой сул байгааг, бүлэг хүчгүйг байгааг шүүмжилж байна. Энэ  талаар та юуг хэлэх вэ?

-Үнэн. Бид буруу зүйлээ хүлээх ёстой. Бүлэг нам хоёрыг салгаж ойлгож болохгүй. Бүлэг намын бодлого шийдвэрийг УИХ-д танилцуулна. Намын мөрийн хөтөлбөр, гол шугамтай холбоотой асуудлыг хуулиудад тусгах, буруу байвал түүнийг таслан зогсоох үүрэгтэй. Буцаад энд болж буй мэдээллээ нам руу гаа аваачиж өгөх ёстой. Мэдээж хэрэг хоёр хөдөлгүүр зэрэг ажиллаж байвал хүч ямар байх уу. Нэг  нь унтарчихаар хүч нь ямар байх уу. Тэгэхээр салшгүй хоёр хэсгийг салгаснаар бид хүчгүй болсон. Эвдрэлгүй, эв нэгдэлтэй байсан бол ардаа 200 мянган гишүүнтэй намын хувьд хүчтэйгээр дуу хоолойгоо илэрхийлэх боломж байсан. Гэхдээ бидэнд алдаагаа засаад урагшлах боломж байгаа.

https://news.mn/r/2620061/